27 12 сар

П.Ганхүү: Тарифт тоолууртай айлууд л шөнийн цахилгааны төлбөрөө тэглүүлнэ

Эрчим хүчний сайд П.Ганхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Ирэх нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны төлбөрийг тэглэхээр болсон. Хэддүгээр сар хүртэл тэглэх юм бэ?

-Арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарыг дуустал гэр хорооллын шөнийн цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлдөг. Энэ одоо ч хэвээрээ байгаа. Харин одоо агаарын бохирдол бүр гамшигийн хэмжээнд хүрсэн учраас шөнийн цахилгааны төлбөрийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарыг дуустал тэглэхээр болсон. Зөвхөн 2017 онд ч биш цаашдаа жил бүр ингэж хөнгөлөлт үзүүлнэ гэж төлөвлөсөн. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хүн болгон санал нэг байгаа байх. Энэ асуудлаар Засгийн газрын түвшинд бодитой арга хэмжээ авахаар дээрх шийдвэрийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан.

-Хэдээс хэдэн цагийн хооронд тэглэх вэ?

-Оройны 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд цахилгааны тарифыг тэглэнэ. Ингэснээр гэр хорооллын айлууд шөнө цахилгаанаар гэрээ халаах боломжтой болно. Гэхдээ техникийн хязгаарлагдмал нөхцөл байдалд байгаа гэдгээ иргэд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шугам сүлжээний ачаалал даах чадвар нь тодорхой хязгаартай учраас ямар хэмжээний хэрэглээг нь тэглэх вэ гэдгийг тодорхойлсон журам гаргаж зохицуулна. Бүх хэрэглээг нь хязгааргүй болгох боломжгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарыг дуустал тэглэхээр болсон. Зөвхөн 2017 онд ч биш цаашдаа жил бүр ингэж хөнгөлөлт үзүүлнэ гэж төлөвлөсөн.

-Нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын бүх айл гэрээ цахилгаанаар халаалж эхэллээ гэж тооцоход цахилгаан дамжуулах сүлжээ ачааллаа даахгүй гэсэн үг үү?

-Бүх айл нэгэн зэрэг цахилгаанаар гэрээ халаагаад эхлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид бэлтгэл ажлаа сайн хангаж байгаа. Нэг айл цагт 1.7-2 кВт-ын ачаалал үүсгэнэ гэсэн тооцсон. Энэ хэмжээнд ачаалал даах чадвартай. Оргил ачааллын үе буюу 18.00-20.00 цагтай давхцахгүй учраас техникийн хувьд боломжтой.

-Гэр хорооллын айл өрхүүд цахилгааны тоолуураа сольж байж шөнийн хэрэглээгээ тэглүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Нийтдээ тийм асуудал гарахгүй. Улаанбаатар хотын хэмжээнд 146 мянган хэрэглэгч бий. Үүний 112 мянга орчим нь тарифт тоолууртай. Шууд шөнийн цахилгааны хэрэглээгээ тэглүүлэх боломжтой гэсэн үг. Үлдсэн 30 гаруй мянган хэрэглэгч энгийн тоолуураа тарифт тоолуураар солих шаардлагатай. Хэрэглэгчид өөрсдөө энэ асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Ер нь хэрэглэгчид маань аюулгүй байдлаа хангах үүднээс мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани холбогдох заавар, зөвлөмжөөр хангаж ажиллана.

 Агаар бохирдуулж байгаа хэмжээгээрээ жагсаавал гэр хороолол, авто машин, нам даралтын зуух, цахилгаан станц гэсэн дараалалтай байдаг. Цахилгаан станцууд бүгдээрээ яндандаа шүүлтүүртэй.  

-Гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны үнийг чөлөөлснөөр улсынтөсөв хэдий хэмжээний алдагдалд орох вэ?

-26 орчим тэрбум төгрөгийн асуудал үүсч байгаа.

-Ирэх оны төсөвт энэ мөнгө суугаагүй шүү дээ. Засгийн газар төсвийн энэ алдагдлыг хаанаас нөхнө гэж тооцсон бэ?

-Мэдээж тооцоо судалгаатай л шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Бид энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй. Хөрөнгө мөнгөгүй гээд суугаад байвал бид юу ч хийж чадахгүй л дээ.  

-Гэр хорооллын утаанаас гадна цахилгаан станцуудын агаарын бохирдолд эзлэх жин ямар хэмжээнд байгаа вэ?

-Цахилгаан станцуудын яндагаас гарч байгаа утаа агаарын бохирдолд бага жин дардаг. Агаар бохирдуулж байгаа хэмжээгээрээ жагсаавал гэр хороолол, авто машин, нам даралтын зуух, цахилгаан станц гэсэн дараалалтай байдаг. Цахилгаан станцууд бүгдээрээ яндандаа шүүлтүүртэй.  

 

eagle.mn


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu