04 1 сар

Айлууд сард 10 мянган төгрөг “хэмнэнэ”

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын шийдвэрийн дагуу  нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Ингээд гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас тодрууллаа.

-Гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг энэ сарын 1-ээс тэглэж эхэллээ. Цахилгааны хөнгөлөлтөд хэчнээн айл өрх хамрагдаж байна вэ?

-Засгийн газраас баталсан энэхүү тогтоолд “Гэр хорооллын тарифтай тоолууртай иргэдэд үйлчилнэ”  гэж заасан байдаг. Манай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн хувьд гэр хорооллын 146 мянган хэрэглэгчтэй гэрээ байгуулан ажилладаг. Үүний 120 мянга гаруй хэрэглэгч нь тарифт тоолууртай бөгөөд цахилгаан эрчим хүчний тооцоогоо хийдэг. Тэгэхээр эдгээр 120 мянган хэрэглэгч Засгийн газраас баталсан шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Үлдсэн 26 мянга гаруй айл өрх өөрсдөө тарифт тоолуур худалдан авснаар цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Хоёр тарифт тоолуур, ердийн тоолуур хоёрыг  ялгаа нь юу вэ?

-Тарифтай тоолуур гэдэг нь хэрэглэгчдийн хэрэглээг өдөр, шөнө гэсэн хоёр цагийн шатлалаар тоолдог тоолуур юм. Өдрийн хэрэглээнд өглөөний 6 цагаас оройн 21 цаг хүртэл багтааж байгаа  бол  оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэлх цагийг шөнийн хэрэглээ гэдэг. Тийм учраас энэ хэрэглээг ялгаж тоолохын тулд тарифтай электрон тоолуурыг хэрэглэдэг. Харин ердийн тоолууртай хэрэглэгчдэд цагийн ялгаа байдаггүй. Эдгээр айлуудын цахилгааны хэрэглээг нь бүтэн тоолдог учраас шөнийн хэрэглээндээ хэдэн кВт.цаг хэрэглэсэн нь тодорхойгүй юм. Хэрэв тарифтай электрон тоолуурыг хэрэглэвэл цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох юм.

-Өмнө нь гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж байсан. Одоо цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр нэг айл өрхөд эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй вэ?

-Гэр хорооллын 146 мянган хэрэглэгчийн цахилгааны дундаж хэрэглээ ойролцоогоор 200-250 кВт. цаг байдаг. Мэдээж цахилгаанаар халаалтаа бүрэн шийдсэн хэрэглэгчийн хувьд энэ тоо харьцангуй өндөр гарна. Ер нь тухайн хэрэглэгчийн цахилгаан халаалтын системийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй дүн гардаг. Нэг айлын дундаж хэрэглээ 250 кВт.цаг гэж үзвэл үүний 30 хувь буюу 100 кВт.цаг нь шөнийн хэрэглээ эзэлдэг гэж бодъё. Тэгвэл 100 кВт.цагийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 77 төгрөг 10 мөнгөөр бодоход нэмэн өртгийн албан татвартайгаа 10 орчим мянган төгрөг гарахаар байна. Саяхан хэрэгжиж эхэлсэн цахилгааны шөнийн 50 хувийн хөнгөлөлтөөр 7700 төгрөгийн 50 хувийг төлж байсан. Одоо шинэ тогтоолоор цахилгааны шөнийн тарифаас дахин 4000 орчим төгрөгийг хэмнэнэ гэсэн үг.

-Үлдсэн 26 мянган айл хоёр тарифт тоолуурыг хаанаас худалдан авч болох вэ?

-Хоёр тарифтай тоолуурыг гадуур барилгын материалын дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. Эдгээрийг Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан , загварын туршилтад орсон эрх бүхий компаниуд  худалдаалдаг. Үнийн хувьд 80 орчим төгрөгөөр борлуулж байгаа. Иргэд хаанаас ч электрон тоолуурыг худалдан авч, цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлтөд хамрагдаж болно. Засгийн газраас баталсан журамд гэр хорооллын айлууд тарифтай тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, зөвхөн ахуйн зориулалттай байна гэсэн заалтуудыг тусгасан байгаа.

-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр шөнийн хэрэглээ огцом өсөх эрсдэлтэй. Энэ тал дээр хэрхэн урьдчилан сэргийлж, ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар энэхүү тогтоол дөнгөж хэрэгжих шатандаа явж байна. Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг нийт 95 шугам сүлжээгээр хангадаг. Өнөөдрийн байдлаар хоёр шугам сүлжээний ачаалал 80-аас дээш хувьтай байна. Бусад шугам сүлжээний ачаалал нэмэгдээгүй байгаа. Манайхаас иргэдэд цахилгааны хэрэглээгээ зөв ашиглах талаар сэрэмжлүүлэг мессежүүдийг утсаар илгээсэн. Мөн галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг айл өрхүүдээр тараана. Ер нь хэрэглэгч өөрийн цахилгааны утасны даацын хэмжээнд тохирсон цахилгаан хэрэгслээ залгах хэрэгтэй. Энэ тогтоол хэрэгжихтэй холбоотойгоор компанийн зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хэрэглэгчид маань ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, цахилгаанаа хэмнэлттэй, үр дүнтэй ашиглах нь зүйтэй.

А.СҮРЭН

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu