14 9 сар

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөн болж байна

Эрчим хүчний 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 300 орчим төлөөлөл оролцох Төвийн  бүсийн уулзалт зөвлөлгөөн өнөөдөр Орхон аймагт эхэллээ.

Салбарын хүний нөөц, техник технологи, санхүү эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ууд хамтран зохион байгуулж байна.

Зөвлөлгөөнийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлээд "Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн хүрээнд  салбарын хэмжээнд олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүсчилсэн уулзалт-зөвлөлгөөн юм. Уулзалт зөвлөлгөөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Зүүн бүсэд, долдугаар сард Баруун бүсэд амжилттай явагдсан бол энэ удаа Орхон аймагт Төвийн бүсийнхийг зохион байгуулж байна. Зөвлөлгөөнд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн хамрагдаж байна” гэдгийг онцоллоо. 

            Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: "Зөвлөлгөөнд оролцогчид эрчим хүчний хөгжлийн болон орчин үеийн менежментийн чиг хандлага, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын техник, санхүү, бизнесийн бодлого төлөвлөлт, үнэ тарифын зохицуулалт, урамшуулал зохицуулалтын асуудал, эрчим хүчний зах зээл, үр ашиг, хэмнэлт, хэрэглэгчийн эрх ашиг, хяналт шалгалт зэрэг арваад сэдвээр тэргүүн туршлага, санал бодлоо харилцан солилцоно” гэлээ. 

Эрчим хүчний төвийн нэгдсэн сүлжээ жилдээ 5.5 сая  орчим кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж,  Монгол Улсын нийт  хүн амын  86.2 хувийг   хангаж, 500 гаруй мянган хэрэглэгчдэд дулааны эрчим хүч нийлүүлдэг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том сүлжээ гэдгээрээ онцлогтой. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасны дагуу Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 2 хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил хийгдэж дуусаад байна. Мөн Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийг хэрэгжүүлэх гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгааг  Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Уулзалт зөвлөлгөөний үеэр  хөгжлийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, амжилттай ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тэргүүн туршлага гэсэн гурван багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын илтгэлийг хэлэлцүүлэх юм байна.


Sidebar Menu