28 9 сар

“KEPCO”, “GOI Associates” компанийн төлөөлөгчид УБЦТС ТӨХК-д зочиллоо

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын “KEPCO” компанийн Азийн бизнесийн хэлтсийн ахлах менежер Жу Жөн Суг, ахлах менежер Ким Жөн Ён, “KEPCO IT Partner Нemann tech” компанийн гүйцэтгэх захирал Им Кан Бин, менежер Жон Су Хён, Сингапур улсын “GOI Associates” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Дэвид Лю, менежер Х.Баясгалан нарын зочдыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төлөөлөгчид тус тусын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл солилцоод KEPCO компанийн эрчим хүчний алдагдлыг бууруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч болтлоо амжилттай ажиллаж чадсан арга туршлагатай танилцав. Мөн KEPCO компанийн төлөөлөгчид УБЦТС ТӨХК-ийн ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг зорьж буй төсөл болох түгээлтийн автоматжуулсан систем (DAS)-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.

БНСУ-ын KEPCO компани нь улсдаа эрчим хүч үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн үйл ажиллагааг дангаараа эрхэлдгээс гадна цөмийн болон  нүүрс, салхины эрчим хүчний эх үүсвэрийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлдэг бол Сингапур улсын “GOI Associates” компани нь цахилгаан эрчим хүч, байгалийн хий, усны түгээлт хангамж, хот төлөвлөлт дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  

KEPCO нь 2015 оны дүнгээр 21.5 сая хэрэглэгчтэй, эрчим хүчний жилийн борлуулалтын орлого нь 50 тэрбум ам.доллар, 20 мянга гаруй ажилтантай, эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдлыг 3.6 хувь хүртэл бууруулсан туршлагатай компани юм.


Sidebar Menu