08 10 сар

Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага, сургуулилт хийлээ

 

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Нийслэлийн онцгой байдлын газраас хамтран төрийн болон хувийн хэвшлийн нийт 12 байгууллагыг хамруулан зохион байгуулсан ”2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага, сургуулилт” өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд амжилттай болж өндөрлөлөө.

   Арга хэмжээнд зохион байгуулагчдаас гадна Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ууд, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Хот тохижилтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ууд, дүүргүүдийн гэрэлтүүлэг хариуцсан аж ахуйн нэгжүүд  оролцож, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах мэдлэг, чадвараа шалгуулж, сургуулилсан. Энэхүү сургуулилт нь хотын инженерийн хангамжийн байгууллагуудын гамшгаас хамгаалах болон өвөлжилтийн бэлтгэл, гарч болзошгүй аваар, саатлын үеийн техник хангамж, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэн нийслэлийн иргэдийн болзошгүй гамшиг аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

   Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн ажил үүргийн хүрээнд болзошгүй гамшгийн үед Нийслэлийг цахилгаанаар хангах албаны үүргийг гүйцэтгэнэ. Тиймээс гамшгаас хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлого, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, болзошгүй гамшгийн үед ажиллах албаны бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарлаа хандуулж, нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын албадтай хамтран дадлага сургуулилт хийх зэргээр хамтын ажиллагааг өндөр хэмжээнд явуулдаг.

   УБЦТС ТӨХК нь Нийслэлийг цахилгаанаар хангах албаны бие бүрэлдэхүүний хувьд 126 ажилтан, 12 машин механизм, тоног төхөөрөмжтэй тусгай болон ерөнхий зориулалтын мэргэжлийн 12 бүлэгтэйгээр ”2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага, сургуулилт”-д оролцож, гамшгийн үеийн бэлэн байдалд хэрэгжүүлэх шуурхай ажиллагааны үзүүлбэрүүдийг бэлтгэж үзүүллээ.

  


Sidebar Menu