Түүхэн замнал

1912– 1914. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан О.Намнансүрэн, гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж нар тэр үеийн хаант Орос улстай найрсаг харилцаа тогтоож, улмаар тусламж гуйн 5 сая гаруй рублийн зээл авахдаа уул хөрөнгөнд багтааж жижиг цахилгаан станцыг авчээ.

1914. Богд хааны өргөө болон Засгийн газрын алба, орон сууцны гэр байшинд цахилгаан гэрлийг хэрэглэх болов.

1924. Дөрөвдүгээр сард Ардын засгийн газраас “Цахилгаан гэрэл хэрэглэгчдийн дүрэм”-ийг баталлаа.

1926. Хоёр дахь станцаа шинээр барив.

1927. Гудамжинд цахилгаан гэрэл тавих, станцаас хэрэглэгчдийн гол шугамуудыг тусгай салгууртай болгох, цахилгааны хэрэглээг тоолуураар тооцох зэрэг ажлууд хийгдэж эхлэв. Энэ үед “Цахилгаан гэрлийн хороо”-г тусгайлан байгуулсан боловч жижиг станцууд нь тус тусдаа ажиллаж байсан тул сүлжээ үүсч хараахан чадаагүй байлаа.

1930. Арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Дундголын эрэг дээр 500 кВт-ын чадалтай гурав дахь цахилгаан станцыг Геринг, Мюллер, Абвер нарын герман инженерүүдээр удирдуулан барьж эхэлжээ.

1931. Германд үйлдвэрлэсэн дөрвөн зуухтай, Англид үйлдвэрлэсэн 60 Гц-ийн үелзэлтэй, чадлын коэффициент нь 0.8, тус бүр 250 кВт-ын чадалтай, гурван фазын 525 В-ын хүчдэлтэй техникийн үзүүлэлт бүхий 2 ширхэг цахилгаан гаргагч машин /генератор/ зэргийг угсран тавьж, ажиллууллаа.

1932. Хоёрдугаар сарын 27-ны өдөр “Дундголын чийдэнгийн хороо” гэсэн нэртэйгээр 40 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамаар “Улаанбаатарын цахилгаан шугам сүлжээ”-ний эхлэл тавигдсан гэж үздэг.

1939. Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ардын сайд нарын зөвлөлийн хурлаар Аж үйлдвэр, барилгын яамны шууд удирдлаган дор “Тусгай аж ахуйн тооцоо бүхий газар” нэртэйгээр өргөжив.

1965. Тавдугаар сарын 12-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төвийн эрчим хүчний системийн харъяа “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газар” хэмээн нэрлэгдэв.

2001. Монгол Улсын Засгийн газрын долдугаар сарын 9-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор “УБЦШСГ”-ыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани болж өөрчлөгдөв.

Sidebar Menu