13 12 сар

41964 өрх 4 кВт чадалтай цахилгаан халаагуурт холбогдох техникийн боломж бүрдэнэ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ЗГХЭГ-ын дарга Занданшатар нараар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж 41964 айл өрхийг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажилтай танилцлаа.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийг 4 кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэсэн.

Энэ ажлаар нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны  52 000 га газарт 41 964 айл өрхийг хамруулж  цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлуудыг хүлээн авах ажил хийгдэж байна.

Угсралтын ажлаар 110 кВ-ын 1 ком дэд станц, 35 кВ-ын 1 ком дэд станц, 3 ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 273 ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 кВ-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгээд байна.  Мөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байсан 2073 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа.

Дээрх 56 багц ажлыг цахилгаан эрчим хүчний барилга угсралтын 54 компани хийж гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ээлжийн 21 362 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн ба улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авч, айл өрхийг холбох ажлыг дуусган “УБЦТС” ТӨХК-д шилжүүлэн өгч байна. Хоёрдугаар ээлжийн 20602 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн комисс ажиллаж байна.

Эдгээр ажлуудыг хийснээр нийслэлийн 5 дүүргийн гэр хорооллын 41964 айл өрхийг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах боломж бүрдэж байгаа юм.

 

Эх сурвалж: http://vip76.mn


Sidebar Menu