01 2 сар

Сар шинийн баяр болохтой холбогдуулан цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

 

Засгийн газрын 2018 оны 199, Эрчим хүчний зохицуулах хорооны 317,  318 дугаар тогтоол шийдвэрийн хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нийслэлийн 8 дүүрэг болон Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

       Хөнгөлөлттэй холбоотойгоор хэрэглэгчдийг цахилгааны болон галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБЦТС ТӨХК, нийслэл, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран нийт 91 хорооны 1873 айл өрхийн цахилгааны оруулгын утас, гэр сууцны доторх холболт буюу монтаж, уртасгагч, ахуйн цахилгаан хэрэгсэл, халаагуурын байдалд үзлэг шалгалт хийж ажиллалаа.

   Өнгөрөгч оны арваннэг, арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд явагдсан уг үзлэгээр нийт 591 зөрчлийг илрүүлж, 473-ыг газар дээр нь арилгуулсны зэрэгцээ 7953 иргэнд цахилгааны аюулгүй байдлын талаар зөвлөгөө өглөө.

   Илэрсэн зөрчлийн 327 нь буюу 55.3% нь цахилгааны оруулгын утас болон дотор монтажны утасны гэмтэл эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа бөгөөд хэрэглэгчид өөрийн ачаалалдаа тохируулан чанар, стандартын шаардлага хангасан цахилгааны утас авч мэргэжлийн компаниудаар хийлгэх шаардлагатай нь харагдаж байна.

    Шалгалтаар дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:

  • Айл өрхийн оруулгын утас гэмтэлтэй
  • Гэр сууцны дотор монтаж гэмтэлтэй
  • Ахуйн цахилгаан хэрэгслийн холболтын утас гэмтэлтэй
  • Цахилгаан халаагуурын холболтын утас гэмтэлтэй,
  • Цахилгаан халаагуур шаардлага хангахгүй гэх мэт.

Бид ер нь хайнга байдал, аливаа нэг зүйлийг үл ойшоох байдлаасаа болж хүн бүр хялбархан шийдчих зүйлүүдийг орхигдуулснаас том хохирол үүсэх нөхцөлийг бий болгож байдаг. Тиймээс нийт иргэдэд баярын өдрүүдэд цахилгааны болон галын аюулаас урьдчилан сэргийлэхэд дөхөм болох зөвлөмжүүдийг хүргэе.

  • Юуны түрүүнд гэр сууцныхаа оруулга утас болон кабелийнхаа даяллын дагууд нь үзлэг хийж шалбарч гэмтсэн, газрын хөрснөөс ил гарсан, агаарт байгаа хэсэг нь хэт намхан байх зэрэг ажиглагдвал яаралтай мэргэжлийн компаниудаар засварлуулах
  • Цахилгаан хэрэгслээ аль болох зэрэг биш цувруулан ашиглах
  • Розетка, салаагч залгуур, уртасгагч зэргийн нүхэнд бяцхан үрсээ хуруугаа хийхээс хамгаалах
  • Уртасгагч, салаалагчид хэт олон хэрэгсэл залгахгүй байх. Хүчин чадалд нь тохирсон цахилгаан хэрэгсэл залгах, онц шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийг залгуураар нь бүрэн салгах  
  • Уртасгагчаас уртасгагчийг цувруулан залгахгүй байх
  • Оруулгын болон дотор монтажны утас, уртасгагчийн утас халж байвал хэрэглээгээ багасгах
  • Дотор монтажны утас шалбарах, холболт сулрах, шажигнасан дуу чимээ гарах зэрэг илэрвэл яаралтай мэргэжлийн хүнээр засварлуулах
  • Гэрээ эзэнгүй орхих тохиолдолд зайлшгүй залгаатай байх шаардлагатай хөргөгч зэргээс бусад цахилгаан хэрэгслийг залгуураар нь бүрэн салгах

Монтажны утасны даацыг хэтрүүлэлгүйгээр ерөнхий хамгаалах хэрэгслийн тавил /гал хамгаалагч/-ыг суурилуулах. /Орчин үеийн дифференциал автоматыг сонговол ачаалал ихсэлт, дотор монтажинд гэмтэл гарахыг хүртэл мэдэрдэг тул өндөр үр дүнтэй/

  • Гэр болон сууцандаа оруулгын эхний холболтод хамгаалах хэрэгсэл болох гал хамгаалагч, автомат таслуур суурилуулах зэрэг арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй юм.

Мөн өөрийн эзэмшлийн биш дэд станц, шугам, тоноглол илт гэмтэлтэй утас тасарсан, тулгуур шон унах дөхсөн, унасан, цахилгаанаас шалтгаалан гал гарсан, хаалга нь онгойсон щит гэх мэттэй таарвал 24 цагийн турш ажилладаг 70047004 утсаар УБЦТС ТӨХК-д яаралтай мэдэгдэхийг хүсье.  


Sidebar Menu