15 3 сар

Галын аюулаас урьдчилан сэргийлцгээе

УБЦТС ТӨХК нь олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уриалсан “АЮУЛГҮЙ, УХААЛАГ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН” аянд нэгдэж, цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах, сэрэмжлүүлэг, зөвлөгөөг боломжит мэдээллийн сувгуудыг ашиглан хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна.

УБЦТС ТӨХК нь 2018 онд Нийслэлийн онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумын нийт 91 хорооны 1873 өрхийн цахилгаан хангамжийн байдалд үзлэг шалгалт явуулж 591 зөрчил илэрснээс 473-ыг нь газар дээр арилгуулах арга хэмжээ авч, 7953 иргэнд цахилгааны болон галын аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгсөн. Шалгалтаар илэрсэн зөрчлийн ихэнх хувийг айлуудын оруулгын утас, дотор монтаж, ахуйн цахилгаан хэрэгсэл ялангуяа цахилгаан халаагуурын холболтын утас гэмтэлтэй, шаардлага хангахгүй  байх зөрчлүүд эзэлж байгаа нь иргэдийн хэнэггүй, хариуцлагагүй байгааг харуулж байна.

Тиймээс дулааны улирал эхэлж нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа энэ үед галын болзошгүй эрсдэлийг үүсгэж байгаа тул цахилгааны аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна

Цахилгааны аюулгүй байдлыг хангах анхны алхмууд:

  • Оруулгын утсаа шалгах, шалбарсан, гэмтсэн байвал шуурхай шинэчлэх
  • Газар доогуур татсан оруулгын утас ил гарсан бол засварлах
  • Оруулгын утсыг айлын хашаа, байшинд өлгөх болон газраар ил татахгүй байх
  • Оруулгын утасны даацад тохирсон автомат, хамгаалагчийг суурилуулх
  • Хүүхдүүд тоглодог газраар оруулгын утас, кабелийг байршуулахгүй байх
  • Хүүхдүүддээ цахилгааны болон галын аюулын талаар заавар зөвлөгөө өгөх
  • Гэр сууц доторх гэмтэлтэй цахилгааны утас, залгуур байвал яаралтай шинэчлэх

Хэрвээ таны ойр орчимд дэд станц, шугам, тоноглол илт гэмтэлтэй, цахилгааны утас тасарсан, тулгуур шон унах дөхсөн, унасан, цахилгаанаас шалтгаалан гал гарсан байдал мэдэгдвэл 70047004 утсаар яаралтай мэдэгдээрэй.

 

                                       ххх                    ххх                       ххх


Sidebar Menu