26 4 сар

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд амжилттай оролцлоо

   

   Онцгой байдлын ерөнхий газраас Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран энэ сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль амжилттай явагдаж дууслаа.

   Сургуулиар газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход авах арга хэмжээг бодитоор үзүүлэх шат дараалсан дадлага сургуулилтуудыг 423 мянган иргэнийг хамруулан хийснээс гадна газар хөдлөлтийн дараах хор уршгийг үнэлэх цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  900 гаруй удирдах бүрэлдэхүүн  ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.

   Крокус төвд гурван өдөр үргэлжилсэн нийслэл, дүүргийн онцгой комисс бүхий дээрх бүрэлдэхүүнтэй Танхимын команд штабын дадлага сургуулилтад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн  гүйцэтгэх захирал Д.Баярсайхан тэргүүтэй удирдах болон инженер техникийн ажилтнууд хамрагдан газар хөдлөлтийн дараах хор уршгийг үнэлэх өгөгдсөн цагийн байдлуудын дагуу шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээг компанийн байранд байрлаж буй Биечлэн удирдах ерөнхий ажлын хэсэгтэй хамтран төлөвлөж, илтгэх байдлаар оролцлоо. Нийт 7 дүүргийн хэмжээнд гурван удаа өгөгдсөн цагийн байдлыг үнэлж, дүгнэн иргэдийн  аюулгүй байдлыг хангах, шугам тоноглолыг хүчдэлээс чөлөөлөх, сүйдсэн шугам тоноглолыг сэргээн босгох ажлын зардал, хүн хүч, машин мeханизмыг төлөвлөх, шуурхай арга хэмжээ авах, авч хэрэгжүүлэх арга хэмжээг амжилттай төлөвлөсөн. Ингэхдээ Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ХК, Улаанбаатар дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар ТӨХК-ууд зэрэг бусад инженерийн байгууламж хариуцсан байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх зэргээр хамтран оролцлоо.

   Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, нийслэлийн бүх дүүргийн иргэд идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлоод дадлага, сургуулийг дүүрэн хангалттай хэмээн дүгнэсэн байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2019 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 27


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu