УБЦТС ТӨХК-ийн техник хяналтын инженерүүд Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэт ачаалагдсан, алдагдал өндөртэй Гүнт, Ундраа, Санзай, Жигжид, Ар согоот, Гоодой, Шарга морьт орчмын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж болон цахилгаанаас үүдэлтэй галын аюулгүй байдалд үзлэг шалгалт хийлээ.
Тодруулбал 110 гаруй айл өрхийн цахилгаан хангамжид үзлэг хийхэд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, тоолуур салгаж холболт хийсэн, хэрэглэгчийн эзэмшлийн тоолуурын хайрцаг газардуулгагүй, зөвшөөрөлгүй 380В шугам татсан гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн байна.
Илэрсэн зөрчлийн дагуу гэрээгүй хэрэглэгчдэд гэрээ хийх зөвлөмж, тоолуурын хайрцаг газардуулгагүй хэрэглэгчдэд газардуулга хийх мэдэгдэл өгөхийн зэрэгцээ Эрчим хүчний сайдын баталсан түр журмын хэрэгжилтийн талаар зөвлөмж өгч ажиллалаа. Гэртээ тоолууртай хэрэглэгчид нь хаалгаа тайлж өгөхгүй, гэртээ нэвтрүүлэхгүй байх хандлага их байгаагаас шалтгаалж тоолуурын заалт авах, хяналт шалгалт хийхэд хүндрэл үүсэж байна.
Хяналт шалгалтын ажлыг УБЦТС ТӨХК-с тогтмол хийх бөгөөд иргэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж цахилгааны хэрэглээгээ хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК