Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

Т.Болдоогийн хийж бүтээсэн ажил, ур чадварыг үнэлэн компанийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав

Компаниас хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад мэргэжлийн өндөр ур чадвар, дэвшилтэт аргыг ашиглан олон жил үр бүтээлтэй, осол зөрчилгүй, онцгой амжилт гарган ажилласан ажилтнуудыг "Хүндэт дэвтэр"-т бичиж, алдаршуулан, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай билээ.
"Хүндэт дэвтэр"-т бичиж, алдаршуулах энэ оны эрхэм хүнээр Кабель ашиглалт засварын төвийн Нөхөн сэргээлт хариуцсан инженер Тожоогийн Болдоо сонгогдож, хийж бүтээсэн ажил хөдөлмөрөө мөнхөлж байна. Түүний хийж бүтээсэн ажил бүтээлийн талаар "Хүндэт дэвтэр"-т ийнхүү бичсэн байна.
"Тожоогийн Болдоо нь 1990 оноос эхлэн одоог хүртэл тус компанийн монтёр, бригадын дарга, кабелийн мастер, ашиглалтын инженер, угсралтын хэсгийн ахлагч, ээлжийн инженер, кабель шугамын засварын хэсгийн ахлагч, нөхөн сэргээлт хариуцсан инженерээр тасралтгүй 31 дэх жилдээ ажиллаж байна. Тэрээр энэ хугацаанд кабелийн гидропресс ашиглан шина таслагч, матагч, цоологч зэрэг олон үйлдэлд ашиглах боломжтой иж бүрэн багаж, трансформаторын ул, сампин резинүүдийг зүсэгч, зорогчийг санаачлан хийж компанийн эдийн засагт хэмнэлт гаргаж байснаас гадна хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд ЦДАШ, ЦДКШ-уудын угсралтын ажлын гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хийхэд онцгой ур чадвар гарган ажиллаж чадсан.
Мөн нийслэлийн цахилгаан хангамжийн 0.4-10 кВ-ын тоноглолуудыг евро стандартаар иж бүрэн шинэчлэх төслийн техник, угсралт хариуцсан дэд ахлагчаар ажиллаж, төслийг амжилттай гүйцэтгэсэн.
Хариуцсан ажилдаа эзэн болж ирсэн Тожоогийн Болдоогийн шинэ санаачилга, кабелийн засвар үйлчилгээг чанартай хийн, залуу үеийг бэлтгэн сургаж ирсэн мэргэжлийн ур чадвар, хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, компанийн “Хүндэт дэвтэр”-т бичин алдаршуулав."