Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнгөрөгч 14-16-ны өдрүүдэд хийсэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгөөр хэрэглэгчдийн эзэмшлийн 15102 ширхэг гадна цахилгаан тоноглолд үзлэг хийж, 1906 гэмтлийг илрүүлэн 2107 хэрэглэгчид зөвлөгөө, 1043 хэрэглэгчид мэдэгдэл, шаардлагыг тус тус өгч, аюул эрсдэлтэй 90 хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэн, 145 гэмтлийг хэвийн болгож засварлалаа.
Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг тус компаниас 4 дэх жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг иргэдэд илүү үр өгөөжтэй байлгах үүднээс хүсэлт гаргаж, материалаа бэлдсэн айл өрхийн оруулгын утсыг сольж угсрах үйлчилгээг нэг сарын дотор үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм. Өдөрлөгийн үеэр оруулгын утсаа солиулах 287 хүсэлт ирснээс өнөөдрийн байдлаар 271 хүсэлтийг биелүүлээд байна.
Ташрамд дурдахад нийслэлийн төвийн болон Налайх, Багахангай дүүргүүд, Төв аймгийн 16 сумын хэмжээнд явагдсан өдөрлөгийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхүүд өөрийн гадна цахилгаан хангамжийн аюул эрсдэлийг бууруулахад идэвхтэй оролцлоо.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
2023.06.21