Иргэд болон аж ахуй нэгжүүд барилга угсралт, цэвэр ус, авто зам, дулааны шугам гэх мэт газар шорооны ажил хийхдээ УБЦТС ТӨХК-аас газар доор кабель шугам бий эсэх тодруулгыг хийлгээгүйгээс үүдэн цахилгааны шугамыг гэмтээх, дамжуулах утас таслах зэрэг зөрчлүүд удаа дараа гарсаар байна. Энэ нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээхээс гадна ажил гүйцэтгэж буй хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг. Улмаар хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг удаан хугацаагаар алдагдуулах сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Иймд УБЦТС ТӨХК-иас иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажил гүйцэтгэхдээ хамгаалалтын зурвас буюу цахилгаан дамжуулах агаарын шугамын доор, ойролцоо хийхдээ онцгой анхаарч, ажил эхлүүлэхээс өмнө газар доор кабель шугам бий эсэхийг ЗААВАЛ тодруулж, мэргэжлийн байгууллагын хяналттай хийж гүйцэтгэхийг анхааруулж:
• Олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал сувгуудаар
• Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн бүртгэлтэй нийт 386921 гар утсанд мессэж мэдэгдлээр
• Гурвалжингийн гүүр, 32-ийн тойрог, Амгалан орчимд байрладаг хувийн трактор, эксковатор, өргөгч машин механизмын жолооч нарт анхааруулга, зөвлөмжийг өгч гарын авлага, тараах материалуудыг хүргэн ажиллаж байна.
Иймд иргэд, аж ахуй нэгж та бүгдийг мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг даган хамтран ажиллахыг уриалж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК