Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс тус дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА хариуцсан инженер, ажилтнуудын дунд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлье” уриан дор сургалт зохион байгууллаа.
Аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийг сурталчилж, ажлын байран дахь эрсдэлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан сайн туршлага солилцох зорилготой тус сургалтад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ИНЕГ, “Говь” ХК, “Номин констракшн” ХХК зэрэг томоохон компани, аж ахуйн нэгжүүд оролцсон юм.
Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, менежментийн хүрээлэнгээс Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ХАБЭА-н үүрэг хариуцлага, хуваарилалт боловсруулах арга зүйн талаар, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Ажлын байран дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, “Говь” ХК хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тус тус танилцуулга хийлээ.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хувьд эрчим хүчний салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа Хан-Уул дүүргийн ХҮТ-д хэрэгжүүлж буй жишээгээрээ дэлгэрэнгүй танилцуулав. Дүүргийн бусад аж ахуйн нэгжүүд тус компанийг сайн туршлагын жишээ хэмээн үзэж цаашид тусгайлан хамтран ажиллахаар болсон юм. Хан-Уул дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга А.Амартүвшин салбараа төлөөлөн идэвхтэй оролцсон хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж талархал гардууллаа.
Мөн энэ сургалтын үеэр “Осолгүй хамт олон” дарцаг аялуулах үйл ажиллагааг эхлүүлж, эхнийхийг “Номин констракшн” ХХК-д гардуулан өглөө.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн бөгөөд 2022 онд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриаг гаргасан байна. Иймд нийт ажил олгогч, эздийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх, холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, ажилтныг эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах болон хүүхэд, залуучуудын аюулгүй сурах, хүмүүжих нөхцөл боломжоор хангахыг уриалсан арга хэмжээ боллоо.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК