ХУВИЙН ЭЗЭМШЛИЙН ЦАХИЛГААН БАЙГУУЛАМЖТАЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Монгол Улсад үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хэрэгцээндээ зориулан хувийн хөрөнгө оруулалтаар жишээлбэл: 6, 10 кВ-ын хуваарилах байгууламж, 6, 10, 35 /0.4 кВ-ын агаарын болон хаалттай дэд станц, 0.4, 6, 10,35 кВ-ын агаарын ба кабель шугам, 0.4 кВ-ын самбар/щит/ гэх мэт цахилгааны байгууламжийг олноор нь барьж байгуулан ашиглаж байна.
Иймд хэрэглэгчдэд “Өөрсдийн эзэмшлийн цахилгаан байгууламжид ашиглалт явуулахын тулд юуг анхаарах вэ” гэдэг асуулт аяндаа урган гардаг.
Юуны өмнө хэрэглэгчиддээ “Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм” болон “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм” /Түлш эрчим хүчний сайдын 2006 оны 1-р сарын 13-ны өдрийн 104 тоот тушаалаар батлагдсан / -үүдийг баримтлан ажиллахыг зөвлөж байна.
“Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн цахилгааны аж ахуй хариуцагчийг томилон ажиллуулах тухай “- Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ажлыг зохион байгуулах үүрэгтэй цахилгааны аж ахуй хариуцагч болон түүний орлогчийг томилон ажиллуулах ёстой. ............. . Цахилгааны аж ахуй хариуцагчаар дүрмийн шаардлагын хэрэгжилтийг хариуцаж чадах инженер, техникийн ажилтныг томилно. Хэрэглэгч үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага нь цахилгааны аж ахуй эрхэлсэн мэргэжилтэнтэй бол тэр хүн цахилгааны асуудлыг шууд хариуцана.” /1.2.3/
“Үйлдвэрлэлийн ажил үйлчилгээ эрхэлдэггүй бөгөөд цахилгааны аж ахуй нь зөвхөн оруулгын болон хуваарилах төхөөрөмж, гэрэлтүүлгийн төхөөрөмж, 380 В-оос илүүгүй хүчдэлтэй зөөврийн цахилгаан тоноглолтой хэрэглэгчид цахилгааны аж ахуй хариуцагч томилохгүй. Энэ тохиолдолд хэрэглэгчийн удирдлага нь цахилгааны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүргийг өөрөө хариуцаж болно.” /1.2.4/ – гэж тусгасан нь хамгийн түрүүн хэрэгжүүлэх алхам юм.
Дараагийн нэг алхам нь дүрмийн “Технологийн тоноглолтой шууд холбогдсон цахилгаан тоноглол, хэрэгслийн засварыг тухайн технологийн тоноглолын засвартай хамт хийвэл зохино. Эрчим хүчний зарцуулалт ихтэй тоноглолын засварыг намар өвлийн улиралд гүйцэтгэнэ /1.6.5/ гэж заасны дагуу өөрсдийн эзэмшлийн тоноглолд засвар үйлчилгээ хийх явдал юм.
Манай компани жил бүрийн 3-р сард тухайн жилийн засвар үйлчилгээ хийх хуваариа батлуулж сар бүр сонин хэвлэлээр болон хэрэглэгчидтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийхээ дагуу утсаар нэг өдрийн өмнө урьдчилан мэдэгдэж ажилладаг.
Цахилгааны байгууламжууддаа засвар үйлчилгээ хийхдээ хангагч байгууллагуудын засвар үйлчилгээ хийх хуваарьтай уялдуулахаас гадна өөрсдөө засварын ажлын хэмжээгээ тодорхойлж /1.6.2/ засварын ажлын жагсаалт /1.6.6,1.6.7/ гарган тухайн технологийн тоноглолын засварыг хийж байгаа хангагч байгууллагуудад урьдчилан мэдэгдэж ажил гүйцэтгэх аман болон бичгэн шийдвэр авах хэрэгтэй байдаг. Хэрэв хангагч байгууллагын засвар үйлчилгээ хийх хуваарьтай уялдуулах боломжгүй засвар хийх шаардлага гарвал нэг өдрийн өмнө гэрээ байгуулсан хангагч байгууллагадаа захиалга өгч урьдчилан тохиролцож засвар хийх нөхцөлийг урьдчилан хангуулах ёстой.
Энэ нь хангагч байгууллага болон хэрэглэгчдийн аль алиных нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нэг чухал нөхцөл болдог.
Засвар хийсний дараа энэ дүрмийн “ ........ цахилгаан тоноглолын туршилтын нормд нийцүүлэн туршсан байна” /1.6.11/ гэсэн заалтын дагуу тоноглолоо туршуулж газардуулгын хэмжилт хийлгэн зөвшөөрөл авсан хангагч байгууллагадаа эргэн мэдэгдэж цахилгаанаа холбуулах хэрэгтэй байдаг.
Ашиглалтын үед гарсан гэмтэл саатлын үед хангагч байгууллагатай байгуулсан ашиглалтын болон цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу хамтран ажиллах шаардлагатай байдаг.