Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах чиглэлийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцохоор Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхтулга болон Багануур, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь салбарын менежерүүд холбогдох инженер техникийн ажилтнуудын хамт манай компанид өчигдөр хүрэлцэн ирлээ. Зочдыг УБЦТС ТӨХК-ийн Хангах үйл ажиллагааны бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга Х.Ганчулуун тэргүүтэй инженерүүд хүлээн авч, холбогдох үйл ажиллагаагаа танилцуулсны дараа Дуудлагын төв, Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажил үйлчилгээг сонирхуулав.
Тус компаниуд нь эрчим хүчний салбарын Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж буй цахилгаан эрчим хүчийг эцсийн хэрэглэгчдэд түгээн борлуулж, орлогыг төвлөрүүлэх үйл ажиллагаанд оролцдог. Хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэх газар зүйн байршил, суурьшлын нягтаршил, хэрэглэгчдийн тооноос хамааран явуулж буй үйл ажиллагаа нь тус тусын онцлогтой. Тухайлбал УБЦТС ТӨХК нь нийслэлийн төвийн зургаагаас гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 450 мянга орчим /2022 он/ айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг. Өдгөө 91 жилийн түүхтэй, эрчим хүчний салбарын ууган компаниудын нэг юм. Хамгийн алслагдсан хэрэглэгчид нь Улаанбаатар хотоос баруун тийш Төв аймгийн Лүн сум (150 км), зүүн тийш Баянцагаан сум (180 км)-д байрладаг. Харин БЗӨБЦТС ТӨХК-ийн хувьд нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн төвөөс гадна ойролцоо орших гурван аймгийн нийт 58 сум, суурин газрыг хамарсан томоохон нутаг дэвсгэрийн хүрээний 55 мянга орчим (2022 он) айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдэд хүрч үйлчилдэг, 39 жилийн түүхтэй чадварлаг хамт олон аж.
Эдгээр онцлогоосоо хамааран борлуулж буй цахилгаан эрчим хүчний хувь, нэг ажилтанд ногддог ажлын ачаалал болоод бусад үзүүлэлтүүдээрээ эрс тэс ялгаатай ч, үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй мэргэжлийн ажилтны дутагдалтай байдал, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, хэрэглэгчдийн зан төлөв, эрчим хүчний салбарын өнөөгийн эдийн засгийн чадавхтай холбоотой бэрхшээлүүд аль алинд нь адилхан түвшинд тусаж байгаа талаар санал бодлоо хуваалцаж, шийдвэрлэх боломжтой зарим асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Д.Цэнгэлмаа