Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор гэрээт хэрэглэгчдийнхээ гадна цахилгаан хангамжийн тоноглолын ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 15, 17, 18, 19-ний өдрүүдэд хийх гэж байна.
Өдөрлөгийн үеэр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд холбогдсон шугам тоноглолуудын ашиглалтын аюулгүй байдалд эзэмшлийн зааг харгалзахгүйгээр компанийн нийт 910 инженер техникийн ажилтан нэгдсэн зохион байгуулалттайгаар үзлэг хийж, аюулыг илрүүлэн, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгнө. Үзлэгийн хүрээнд хотын төвийн хэсэг болон гэр хорооллууд хамрагдах бөгөөд зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан, хүн, амьтны амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах эрсдэлтэй нөхцөл байдалтай оруулгын утас болон өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр дур мэдэн хангасан хэрэглэгчдэд хугацаатай шаардлага өгч, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд Эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглээг түдгэлзүүлэх ажлууд хийгдэх болно.
Жил бүр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь 220 вольтын оруулгын утас болон автомат солих шаардлагатай хэрэглэгчдэдээ сольж, угсрах техникийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжийг олгодог. Энэ үйлчилгээг авах хүсэлтэй хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан оруулгын кабель утас, гал хамгаалагчаа урьдчилан бэлдэж, өдөрлөг явагдах хугацаанд ажлын захиалгаа тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв эсвэл 70047004 утсаар холбогдон өгнө. Оруулгын утас нь ямар нэгэн залгаасгүй байх ёстойг анхаарна уу.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК