Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ. ГЭХДЭЭ…

Манай улс нэг кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд 179 төгрөг зарцуулдаг ч хэрэглэгчдэд хүргэхдээ 16-58 хувийн алдагдалтай үнээр нийлүүлдэг аж. Тодруулбал, энгийн тоолууртай айл өрх 130-154 төгрөгөөр, хоёр тарифт тоолууртай айлууд 112-140 төгрөгөөр нэг кВт.ц эрчим хүч худалдан авдаг.

Эрчим хүчний үнэ тариф зах зээлийн дагуу биш зохицуулалтаар явдаг учраас иргэдийн өрхийн орлого, зарлагад төдийлөн дараа болохгүй байгаа . Гэтэл бодит байдал дээр хэрэглэгчийн цахилгааны тариф үндсэн өртөгтөө хүрдэггүй. Дээрээс нь маш олон хөнгөлөлт үзүүлдэг. Үүний нэг бол агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50-100 хувь хөнгөлж байна. Энэ хөнгөлөлтөд улсын төсвөөс жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд нийт 650 мянга гаруй айл өрхөд 62 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлжээ.

Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөөд байгаа.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” 317, 318 дугаар тогтоолууд гаргаж, нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.ц, 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.ц-ыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

Мөн 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2019 онд 2 тарифт 563830 тоолуураар 124.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 11.5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн аж.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгож, дахин 5 тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дахин тарифын хөнгөлөлтийн хугацаа эхэлнэ.

Тэгвэл цахилгааны шөнийн тарифийг тэглэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Засгийн газарт санал оруулсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгасан бөгөөд цаашид эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тул цахилгааны шөнийн тарифийг тэглэхэд 23 тэрбум шаардлагатай байгаа тооцоо гарсныг тус хорооныхон УИХ-ын гишүүдэд танилцуулахдаа онцолсон.

Хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айлын эрчим хүчний өдөр тутмын хэрэглээ цахилгаан зуух, зурагт, хөргөгч, угаалгын машин, цахилгаан халаагуур гэж тооцвол сарын дундаж хэрэглээ 500-600 кВт.ц сарын хэрэглээний төлбөр нь 60 мянган төгрөг. Үүнийг нэг сард хуваахад өдөрт дунджаар 2000 төгрөг зарцуулдаг гэсэн үг. Энэ бол өвлийн улиралд өдөртөө халаагуур залгаж хэрэглэдэг гэр хорооллын айл өрхийн өртөг нэмэгдсэн үнийн тооцоолол юм.

Өвөл 21.00 цагаас өглөө 06.00 цаг хүртэл эрчим хүчний 700 кТв.ц-ийн төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр иргэдэд очих ачаалал нь тэр хэмжээгээрээ багассан. Гэр хорооллын хоёр тоолуурт айлууд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах бөгөөд 90 хувь нь хоёр тарифт тоолууртай аж.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийнхан Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн гэр хорооллын нийт 45 хорооны  41964 өрх цахилгаанаар 100 хувь халаалтаа шийдэх боломж бүрдээд байгааг дуулгасан.

Цахилгааны хөнгөлөлт энэ жил үргэлжилнэ. Гэхдээ үнэ хямд байна гэдэг хязгааргүй хэрэглэнэ гэсэн үг биш. Түүнчлэн иргэн та дэлхий дээрх хамгийн хямд өртөгтэй эрчим хүч хэрэглэгчдийн нэг гэдгийг албаныхан сануулж байгаа. Тиймээс шөнийн тарифыг 100 хувь хөнгөлнө гээд замбараагүй хэрэглэхгүйгээр орон гэрийн дулааны битүүмжлэлээ сайжруулан дулаан алдагдалтыг бууруулан цахилгааны зохистой хэрэглээг хэвшүүлж эрчим хүчнээ хэмнэж сурах нь заавал хийх ёстой дадал юм.